Зүүд
Сайн байна уу? Намайг Баяр гэдэг. Би зүүдлэх дуртай, зүүдэндээ амьдрах дуртай. Гэвч би ойрын хугацаанд дэндүү их зүүдлээд, зүүдээ бодит байдлаас ялгахаа больсон. Өнөөдөр их сайхан өдөр байна, нар туссан сайхан зуны халуун өдөр найз нартайгаа хотоос жоохон зайдуу Туул голын эргэ дээр, жаал зуур юм задалж уусан шигээ, хөгжилдөн шаагилдаж, энэ стресстэй нийгэмд бүх асуудалаасаа зугтаж хоромхон зуур ч гэсэн ямар ч проблемгүй байх нь тэр. Түрүүвчээ сөхлөө, ганц өнөөдөр ч биш бүтэн сарын хугацаанд болгочихоор мөнгө байна, энэ чинь одоо юу билээ гэхэд цалин буусан гэдэгийг мартсан юм байна. Амьдрал хэзээнээс ийм амархан болсон юм бэ?
Утас дуугарч байна, Оюунаа (миний хайрт охин) залгаж байна, аваад баахан ярилаа. Ард хоцорсон хар цагаан дурсамжууд, өөдөөс ирэх үл мэдэгдэх ирээдүйг ярин одоо цагийн гашуун жаргалаан тоочин, хорвоо ертөнцөөс тасран одов. Удаан ярисаны эцэст нүүр хагаран, эр зориг орж түүний хаана байгааг мэдэн болзоонд урьмаар санагдаж, тэсэлгүй түүнээс асуусанд тэр маань шууд зөвшөөрч уулзахаар болов. Яаран хамаг юмаа хаяад гараад гүйж байтал зам гэж таг түгжээ, уур хөдлөөд зам дээгүүр нисээд өгөх нь тэр. Яг тэр мөчид тэнгэрээс тэнгэрийн дуу биш чанга түгшүүрний дуу гарж бүх юм түнэр харанхуй болов. Ингэж нэг жаргалант орчлонгоосоо сэрдэг юм байж.
Хөшигөөн нээж харахад бүх юм цав цагаан, зүгээр харахад л даарав. Хэдий өдөрийн 12 цаг болж байсан ч утсаа харж үзтэл хэнээс ч ямар ч дуудлага байхгүй ядаж мессэж хүртэл хүлээж аваагүй. Ийм ганцаардмал гунигтай байснаас өөрийн мөрөөдөлийн ертөнцөд орших нь дээр бус уу. Өлсөж байна, гарж хоол авах минь. Түрүүвчээ сөхөхөд, дотор нь ердөө 8000 төгрөг байх юм. Ажилгүй юм чинь ямар юмаараа мөнгө байхвийдээ. Ойр зуур халтуур муу хөгшин машинаараа хийн жаал мөнгө цуглуулж хоол олж идэн арай хийн энэ нэг өдрийг барлаа. Ууг нь би чинь их сургуулийн дипломтой боловсролтой нэгэн юм байгаа юм.
Онгоц газардахад ердөө 5 минут л үлдсэн байна, ашгүйдээ хамаг бие чилээд хэцүүдэж байлаа. Онгоцны буудлаас гарахад намайг тосох олон арван хүн хүндэтгэн хүлээн угтан авна. Олоны хайрыг хүртэх амжилтанд хүрэх чинь ямар сайхан юм бэ?! Өөрийн гэсэн байр суурьтай, хувийн амжилттай бизнесс, түрийвч дүүрэн мөнгө, амьдрал хэзээ ийм амар болсон юм бэ? Гэвч хэзээ ийм амар байлаа, дахиад л сэрүүлгэ дуугаран сэрээлээ. Сэрсэндээ уурлах ёстой юу баярлах ёстой юу? Нэг л учир нь олдохгүй байх юм.
Дахиад л түрийвчэнд мөнгө байхгүй, халтуурандаа гарч мөнгө олох минь. Гадаа бас л бараан зэврүүн хүйтэн байна. Машинтайгаа замаар хүн хайж явтал нэгэн костюм пиджактай ах зогсож байна. Хаа хүрэхийг нь асуун аваад явлаа. Нүдний булангаар хальт мулт ажиглахад нилээн амжилттай яваа бизнесс эрхлэгч байх шинжтэй. Яриа өдөж хэрхэн энэ нийгэмд амжилттай байр суурьтай хөрөнгөтэй явж байгааг мэдмээр санагдана. Ах хүүтэй баахан юм ярьж хөөрлөө, өөрийн ч амьдралын хэцүүг хэллээ, ахын бас зовлонг ч сонслоо. Зовлон хүнийг ялгадаггүй юм байна. Түүнд гарцаагүй бүх юм байх нь тэр, тэр дунд зовлон зүдгүүр бас оршиж байна. Ах хэлнэ би түүнд таалагдаж байна гэж. Анх удаа л бараг би замын түгжээнд баярлаж байна, учир нь би ахтай их юм ярьж их юм сурж авлаа. Ийнхүү хүрэх газараан ирж ах хүү буухаар болов, ах надаас хэд гарав ч гэж асуулгүй түрийвчинээсээ $100 гаргаж өгөв. Энэ мөчид ихэд баярлан алмайрах ба түүний хажуугаар намайг сэрээх сэрүүлгэний дууг хүлээж байлаа. Гэвч дуугарсангүй.
Ах хүүтэй удаан ярьсанаас хамгийн толгойнд үлдсэн нь „өглөө босоход хүн бүрт 2 сонголт байдаг, зүүдээ үргэлжлүүлэн мөрөөдөн унтах эсвэл босож мөрөөдлөө биелүүлэх“ байлаа. Гол нь тууштай байдал юм. Амьдралаа өөрчлөх минь.
Намайг Баяр гэдэг. Би зүүдлэх дуртай, зүүдэндээ амьдрах дуртай. Гэвч би амьдралд амьдрах бүр дуртай.

Comments