Гулливер аялал 1-р хэсэг

ГУЛЛИВЕР ОДОЙ ХҮМҮҮСИЙН ОРОНД Хоёр шураг бүхий дарвуулт онгоц “Оронго”-оор өмнөд далайд аялав. Эхнэр нь хүү Жонни, охин Бетти хоёртойгоо зогсоол дээр үлдсэн учир эмч Гулливер онгоцныхоо хитэг дээр зогсоод дурандсаар явлаа. Тэрээр далайд анх гарч ирж байгаа биш, ер нь л алс хол аялах дуртай хүн байжээ. Бүр сургуульд байхдаа эцгийнхээ илгээсэн мөнгийг бараг бүгдийг тэнгисийн зураг, харийн орны тухай өгүүлсэн ном худалдаж авахад зориулж далайд аялагчдад хамгийн их хэрэгтэй газарзүй, тоо бодлогын ухааныг хичээнгүйлэн судлав. Эцэг нь хүүгээ, тэр үед Лондон хотноо ихэд алдаршсан нэгэн эмчид шавь оруулжээ. Гулливер тэднийд сууж, хэдэн жил суралцахдаа алсыг зорих бодлоо ер орхисонгүй.  Сургуулиа төгсөж нэгэнт эмч болсны завшаанаар “Алтан хараацай” гэдэг хөлөг онгоцонд мэргэжлээрээ ажиллан далайгаар гурван жил илүү хэрэн хэсчээ. Чингээд удаагаар нь Лондонд хоёр жил гаруй суухдаа Дорнод ба Баруун Энэтхэгээр хэдэнтээ аялав. Тийнхүү далайд явж байхдаа, гэрээсээ авч гарсан номоо уншдаг, далайн эрэг хавиар оршдог харийн омог хэрхэн аж төрж байгааг сонирхдог, тэдний хэл яриа, соёл, заншлыг судалж явдаг учир ер уйддаггүй, аялалд тохиолдсон сонин зүйлээсээ буцах замдаа дэлгэрэнгүй тэмдэглэдэг байв. Энэ удаа ч замын тэмдэглэлийн зузаан дэвтэр авч явж, эхний нь хуудсанд:  1966 оны тавдугаар сарын 4-нд Бристоль дахь боомтоос аян замдаа хөдлөв гэж бичлээ.  “Оронго” онгоц Өмнөд далайд олон сар аялав. Аясын салхитай, зам их л өлзийтэй байлаа. Гэтэл Дорнод Энэтхэг рүү орж яваад хөлөг онгоц ширүүн шуургатай таарч, далайн давалгаа зүг чиггүй хөөлөө.  Онгоцныхон авч явсан хүнсний нөөц, цэнгэг усаа барлаа. Арван хоёр усан цэрэг өлбөрч, үлдсэн нь хөлөө арай чарай хөдөлгөх төдий болтлоо ядарч тамир тэнхээгээ барав. Далайн давалгаа онгоцыг самрын яс усанд хөвүүлэх адил тал тал тийш шидлээ. Тас харанхуй нэг шөнө салхи, “Оронго” онгоц хадан хясаа руу шууд элдэн хөөсөн билээ. Харин усан цэргүүд хэтэрхий хожуу мэдсэн тул онгоц хадан хясаа мөргөж зомгол болтлоо бутрав. Гулливер талан усан цэргийн хамт завинд сууж амь гарчээ. Завь нь далайн давалгаанд удтал туугдсан учир тэд туйлгүй их ядарчээ. Тэгэвч давалгаа улам их болсоор байгаад хамгийн хүчтэй нэгэн давалгаа ирж завий нь хөмрүүлэв.  Гулливерийн толгой дээгүүр ус давж гарлаа. Уснаас цухуйн харвал хамт явсан нөхөд нь цөм живж, дэргэд нь ганц ч хүн байхгүй авай.  Салхины аяс, усны түрлэгт хөөгдсөн Гулливер харсан зүгтээ хөвлөө. Хөл минь усны ёроолд хүрсэн юм биш байгаа даа гээд байн байн тэмтэрч үзвэл дайралдах юм ер үгүй. Норж хүндэрсэн бошинз, дэвтэж палбийсан шаахай нь живүүлчих гээд, цааш явж чадахаа больж, хахаж цацан амьсгаадна. Тэгж явсаар хөл гэнэт газар хүрлээ.  Гүехэн устай газар ажээ. Гулливер элсэрхэг ёроопд болгоомжтой гишгэн унаж тусалгүй урагшаа удаан алхав. Ус эхлээд мөрөөр, дараа нь бүслэхийгээр татаж байсан бол сүүлдээ өвдгөөр татаж явахад амар хялбар болсоор байв. “Эрэг улам ойрхон болж байгаа юм байна” гэж бодовч ёроолын энэ газар хэвгий учир өвдгөөрөө ус татуулсаар удаан гэлдрэв. Сүүл сүүлдээ уснаас гарч нялх тачирхан ногоотой зүлгэн дээр ирээд, гараа дэрлэн хэвтэж байгаад таг унтжээ. Гулливерийг сэрэхэд сав саруулхан, гэдрэг харж хэвтсэн болохоор нарны илч нүүрий нь төөнөн байлаа. Нүдээ арчих гээд гараа таттал чадсангүй, өндийх гэтэл хөлөө ч хөдөлгөж болохгүй болжээ. Биеий нь өвдөгнөөс дээш суганд тултал нарийхан олсоор хүлж, гар хөлийг нь дангинатал тэлүүрдээд гарын хуруу бүрийг тус тусад нь аргамжсан байв. Бас өтгөн урт үсийг нь хэсэг бусаг болгон шаалттай бяцхан гадаснуудад ороогоод олсоор давхар баглажээ. Ингээд Гулливер торонд орсон загас мэт болов. “Би чинь унтаж байгаа биш билүү” гэж ч бодлоо. Гэтэл хөл өөд нь нэгэн бяцхан амьтан авирч гараад гэдсэн дээгүүр гүйсээр цээжин дээгүүр нь явж эрүүнд тулж ирэв.  Гулливер юу болохыг үзэх гэж хялайн харвал гар хөлтэй, цагаан дуулгатай, нум сум барьж, саадагагссан яг л хүн шиг бяцхан амьтан зогсож байх нь тэр. Үгүй мөн хачин аа. Бяцхан хүний нуруу эрхий хуруунаас өндөргүй. Тийм бяцхан таван хүн Гулливерийн алган дээр уужуухан багтахаар ажээ.  Ойртож ирсэн эхний бяцхан хүний хойноос нум сумтай мөн дөчөөд бяцхан хүн бие өөд нь авиралдахад Гулливер асар их гайхаж дуу алдан хашгирсанд тэд цацсан будаа мэт бутран гүйлдэж, бүдрэн унаж туссаар хойно хойноосоо дэвхрэлдэн газар буув. Чингээд тэрүүхэн зуур ойртож ирсэн хүнгүй, гагцхүү чихний нь хавьцаа голио дуугарахтай адил дуу гарсаар байлаа.  Удалгүй бяцхан хүмүүс дахин зүрхэлж хөлийг нь дамжин гүйлдээд, хамгийн зоригтой нэг нь нүүр өөд нь гэнэт очиж эрүүг нь жадаар хатгаад,  -Гекина дегуль! гэж нарийхан дуугаар тод хашгирав. Тэгтэл бусад нь дагалдаж тал бүрээс  -Гекина дегуль! Гекина дегуль! час час дуугаралдлаа. Гулливер гадаад олон улсын хэл мэддэг ч гэсэн энэ үг чухам юу гэсэн болохыг ойлгосонгүй. Гэдэргээ харж удаан хэвтсэнээс Гулливерийн гар хөл хөшжээ.  Солгой гараа суга татахаар хүчлэн, бөх нарийн олсоор ороон тал тал тийш тэлүүрдэн аргамжсан хэдэн арван гадсыг булга татаж гараа өргөтөл бяцхан хүмүүсийн нэг нь: -Толго фонак! гэж часхийтэл чанга дуугаар хашгиртал зүү мэт нарийхан, хурц олон зуун сум гар, нүүр, хүзүүнд нь сэхээ сэтээгүй шивлээ.  Гулливер “Харанхуй амархан суларна байх” гэж бодоод, нүдээ аньж, шөнө болтол хөдлөхгүй хэвтье гэж шийдлээ.  Гэвч зүлгэн дээр шөнө болтол хэвтсэнгүй.  Баруун чихэнд нь ойрхон газар банзанд хадаас шааж байгаа юм шиг үе үе юм цохих, нүдэх чимээ дуулдаад байв.  Бүтэн цаг алхаар юм балбаад байгаа тэр зүг Гулливер толгойгоо ялимгүй эргүүлэх гэтэл аргамжсан олс, гадсандаа татагдаад олигтой хөдөлгөж болсонгүй.  Гэсэн ч бяцхан хүмүүс толгойны нь дэргэд модон индэр босгоод түүндээ шат түшүүлж байхыг харав.  Бяцхан хүмүүс холдтол урт нөмрөгтэй нэг жаахан хүн шатаар аажимхан алхсаар индэр дээр гарлаа. Араас нь эзнээсээ хоёр дахин намхан хүн, нөмрөгний нь хормойноос барьсаар мөн гарч ирэв. Гулливерийн чигчий хуруунаас өндөргүй тэр хүн лав зарц хүүхэд бололтой.  Дараагаар нь нум сум онилж барьсан хоёр харваач мөн индэр дээр гарч ирлээ. Нөмрөгтэй бяцхан хүн, -Лангро дегвль сан! гэж гурвантаа уянгалуулан хашгираад, урт өргөнөөрөө хусны навч төдий хуйлаастай бичиг дэлгэв. Тэгэхэд тавин бяцхан хүн Гулливер руу гүйлдэн ирж, үсийг нь баглаж аргамжсан олсыг тас тас огтлов. Гулливер индэр рүү харж нөмрөгт хүн юу уншиж байгааг чагнав. Тэр хүн удаан ярилаа. Гулливер юу ч ойлгоогүй мөртлөө ойлгосон мэтээр толгойгоо дохиж сул гараараа зүрхээ дарлаа. Энэ хүн чухал хэргээр энд ирснийг бодвол хааны элч байгууштай юм гэж таалаа.  Онгоцноос шидэгдсэнээсээ хойш ер ам хөдөлгөөгүй яваа тул юу ч гэсэн элчээс идэх уух юм гуйхаар шийдэв. Ингээд хуруугаа гозойлгож, ам руугаа хэд дахин заав. Нөмрөгтэй бяцхан хүн энэ дохиог нь лав ойлгосон бололтой индрээс буун Гулливерийн биеийг түшүүлэн хэдэн урт шат тавьсугай гэж тушаажээ. Тэгээд нэгэн мөч ч өнгөрөөгүй байтал зөөгч олон зуун хүн өнөөх шатаараа дүүрэн дүүрэн идэх юмтай сагс зөөцгөөв. Дотор нь буурцгийн чинээ олон зуун талх, шагайн чинээ гуя мах, манай ялаанаас ч томгүй тахианы дэгдээхэйн шарсан мах байлаа. Гулливер, хоёр гуя, гурван талхны хамтаар нэгэн зэрэг идэв. Энэ удаа таван шарын шарсан мах, гахайн арван есөн торойн утсан мах, найман иргийн чанасан мах, хоёр зуугаад дэгдээхэй, галууны мах идлээ. Төдхөн олон сагс хоосон болоход, бяцхан хүмүүс хоёр ган дарс Гулливерийн гарт ойртуулж өгөв. Манай шилэн аягын чинээ том хоёр ган дарсыг хэдхэн балгаад сулласанд бяцхан хүмүүс үнэхээр гайхаж залбирцгаагаад, хоосон гангаа газар тавь гэж дохиогоор мэдэгдэв.  Гулливер хоёр ганг нь өнхрүүлтэл дүн дан дуугаран газар унаж бөмбөрөн, хоёр тийшээ дугуйрчээ. Зүлгэн дээр цугларсан бяцхан хүмүүс,  -Бора мевола! Бора мевола! гэж чанга гуугалдан зам тавьж өглөө. Гулливер дарс уусныхаа дараа шууд унтсан боловч бяцхан хүмүүс бие дээгүүр нь хөндлөн гулд гүйлдээд, хоёр хажуу руу нь уулнаас гулсах адил буугаад хуруунаас хуруунд харайцгаагаад л, бас бороохой жадаар хатгаад байгааг нойрон дундаа мэдэж байлаа. Амар тайван унтуулахгүй байгаа энэ жижигхэн сээхэлзүүрүүдийг биенээсээ авч шидэлье гэж маш их хүссэн хэр нь саяхан дотночлон амттай хоолоор цадтал нь дайлсан гар хөлийг нь бэртээчихвэл зохисгүй юм болно гэж хайрлав. Ер нь тийм уул шиг хүний цээжин дээгүүр өөд уруугүй гүйлдээд байгаа бяцхан хүмүүсийг нэг нэг няслаад хядчихад төвөг удахгүй ч Гулливер тэдний эрэхлхэг зоригтойг гайхахгүй байж яахин чадах билээ. Хатуу дарсанд халсан Гулливер тэднийг хайхрахаа болихоор шийдээд удалгүй нойрсов. Тэд нь ч тийнхүү унтаасай гэж хүссэн бололтой. Асар том зочноо унтуулахын тулд торх дарсандаа нойрны эм зориуд хийсэн байжээ. Далайн шуурганд туугдаж Гулливерийн ирсэн орныг Одой орон гэх буюу энд гагцхүү одой хүмүүс оршин суудаг байна. Одой оронд ургадаг хамгийн өндөр мод нь манай үхрийн нүдний сөөгнөөс ч өндөргүй, хамгийн том байшин нь манай жирийн нэг бичгийн ширээнээс ч намхан. Гулливер шиг тийм том хүнийг Одой оронд үзэж байсан хүн ерөөс үгүй байна. Тэрхүү том хүнийг нийслэл хотод авчир гэж хаан зарлиг буулгасан учир түүнийг авчрахаар тийнхүү дарс өгч унтуулжээ.  Хааны зарлигаар таван зуун мужаан, хорин хоёр дугуйтай лут том тэрэг үйлдвэрлэв. Хэдэн цагийн дараа тэрэг бэлэн болов. Гэвч түүн дэээрээ Гулливерийг өргөж тавих нь тийм ч хялбар биш байлаа.  Энэ тухай Одой орны инженерүүд ямар арга бодож олов гэвэл, унтаж байгаа уул шиг хүний хажууд тэргээ тулгаж тавиад, орой дээрээ араатай наян шон газар шааж, араандаа үзүүртээ гохтой ган татуургуудыг тохжээ. Харин ган татуургууд нь манай жирийн нэг нарийхан шидмэснээс бүдүүнгүй байлаа. Одой хүмүүс уг ажилдаа орцгоож, Гулливерийн гал хөл, их биеийг татлагаараа дангинатал баглаад, хүлэгнээс нь араанд тохсон гохтой татуургаараа татацгаах болжээ. Энэ ажлыг хийлгэхээр Одой орны өнцөг булан бүрээс шилдэг хүчтэн есөн зуун хүнийг цуглуулав. Тэдгээр хүчтэн ган татуургаас хоёр гараараа барьж хөлсөө асгартал, байдаг тэнхээгээрээ угзарцгаан нэг цаг хэртэй ноцолдож байж Гулливерийг газраас дээш ямх хөндийрүүлээд, дахин хоёр цаг хэртэй ноцолдож байж нэг хуруу хэмжээний өргөөд, гурван цаг болж байж сая тэргэн дээрээ гаргав. Эзэн хааны агтнаас хамгийн том биетэй мянга таван зуун морийг арав арваар нь эгнүүлэн хөллөв. Морьд нь сая төрсөн муурын зулзаганаас томгүй билээ. Хөтөч нар ташуураа тас няс дуугаргатал тэрэг аажмаар хөдөлж Одой орны төв нийслэл Мильдендо орохоор явлаа. Хааны торгон цэргийн нэг дарга санаандгүй Гулливерийг сэрээчихээгүйсэн бол хот ортол лав унтах байсан бизээ. Яаж сэрээсэн бэ гэвэл, тэрэгний нэг дугуй мултарч зогсов. Ингэхэд хэдэн зуун дарга, тэрэг зогссоны далимаар, унтаж байгаа уул шиг хүний царай ямар болохыг харахаар морьтойгоо тэргэнд ойртож ирцгээгээд хоёр нь тэргэн дээр гарч яг нүүрэнд нь тулж очлоо. Торгон цэргийн гурав дахь дарга мориноосоо буулгүй дөрөөн дээрээ босож байгаад хамрын зүүн нүхэнд хурц жадаа шургуултал Гулливер өөрийн эрхгүй хамраа яатайлган чанга найтаасанд дарга нар салхинд хийсэх адил болов.  Гулливер сэрж хөтөч нарын ташуурын тас няс хийх дуу сонсоод намайг нэг тийш нь авч яваа юм байна гэж мэдэв. Одой орны нийслэл орох замаар Гулливерийг хүлж ачсан тэргийг чирсэн морьд бүтэн өдрийн турш явж усан хулгана болтлоо хөлөрчээ. Бас нэгэнт шөнө болсон учир тэргээ зогсоож морьдоо гаргаж услаад идээшлүүлэв. Шөнийн турш тэрэгний хоёр талаар мянган цэрэг зогсон, таван зуу нь бамбар барьж, таван зуу нь нум сум харвахад зэхээстэй, Гулливерийг манаж хонолоо. Хэрэв түүнийг хөдөлбөл таван зуун харваач харва гэсэн тушаалтай байжээ. Өглөө болж тэрэг цаашаа хөдөллөө. Хотын хаалганаас холгүй талбайд байх, хоёр буландаа асар цамхаг бүхий эрт цагийн эль хуль болсон нэгэн шилтгээн нь тус орны хамгийн том байшин байжээ. Энэ байшин өндрөөрөө манай дунд зэргийн нуруутай хүнтэй бараг чацуу, гол хаалга нь их л том мэт боловч Гулливер мэтийн хүн мөлхөж орохоор бөгөөд доторхи ёслолын танхим нь харин Гулливер зогсож болохоор ажээ.  Одой орны эзэн хаан Гулливерийг үзэж сонирхохоор энд ирлээ.  Ийнхүү ирэхийг нь мэдээгүй Гулливер тэргэн дээрээ хэвтсээр бөгөөд одой хүмүүс тал талаас гүйлдэв. Морь унасан харгалзагчид сонирхохоор ирэгсдийг буцааж хөөсөөр байсан хэр нь арван мянган бяцхан хүн хүлэгтэй байгаа Гулливерийн өвдөг, хөл, гэдсэн дээгүүр явж үзэж амжжээ.  Гэнэтхэн хөлийн нь тэнд доргих чимээ гарахад тийш харвал ханцуйгаа шамлаж, гялалзсан алх барьсан, хар хормогчтой хэдэн одой хүн байлаа. Тэд нь хааны уран дархчууд бөгөөд Гулливерийг гавлаж гинжиллээ. Шилтгээний хананаас бүдүүнээрээ манай энгэрийн цагных шиг тийм ерөн нэгэн оосор угсруулан залгаж түүгээрээ хөлийнх нь шагайгаар гинжлээд гучин зургаан том цуургаар цоожлов. Гинж нэлээд урт тул Гулливер, шилтгээний урдуурхи чөлөөнд зугаалж болмоор, байшиндаа мөлхөөд орчихож ч болмоор билээ. Дархчуул ажлаа дуусгаад явангуут харгалзагчид хүлгий нь огточсонд Гулливер босож зогслоо. Ингэхэд,  -Аа-яа-яа КуинбусФлестрин! Куинбус Флестрин! гэж одой хэлээр хашгиралдлаа.  Энэ нь одой хэлээр “Уул шиг хүн! Уул шиг хүн!” гэсэн үг ажээ. Гулливер нутгийн хүмүүсийг гишгэж няцалчихгүйн тулд их л хянамгай зугуухан явж ойр тойрноо харав.  Урьд өмнө тийм сонин орныг ер үзээгүй түүнд эндхийн цэцэрлэг, нуга нь алаг цэцгийн мандал шиг үзэсгэлэнтэй, гол мөрөн нь булаг шанд мэт цэвэр тунгалаг, түргэн урсгалтай, хот нь хүүхдийн тоглоом шиг санагдав.  Гулливер хавь ойрыг харж алмайрсаар байгаад нийслэл хотынхон баргаараа тойрч цуглараад байсныг мэдсэнгүй.  Одой хүмүүс хөлийн нь үүгээр түүгээр бүртэлзэн, шаахайны нь гархийг барьж үзэн, малгайгаа ойчтол дээш өлийн харж байна.  Одой хүүхдүүд хэн нь Гулливерийн хамар хүртэл чулуу шидэж чадахаа үзэцгээе гэж маргалдав.  Эрдэмтэд нь Куинбус Флестрин хаанаас гараад ирснийг тааварлан хоорондоо маргав.  -Мянган жилийн урьд далайн давалгаа нэгэн аюултай мангасыг гаргаж хаясан тухай манай эртний судар бичгүүдэд тэмдэглэсэ байдаг гэж нэгэн эрдэмтэн хэлээнд энэ Куинбус Флестрин далайн ёроолоос гарч ирсэн байх гэж би бодож байна гэлээ.  -Үгүй, тийм биш, далайн мангаст чинь заламгай, сүүл байх ёстой. Куинбус Флестрин сарнаас бууж ирсэн байх гэж өөр нэг эрдэмтэн хэлэв. Одой орны эрдэмтэн мэргэд, дэлхий дээр өөр улс орон байдаг гэж мэддэггүй, өөрсдийгөө л газар сайгүй оршдог гэж бодоцгоодог ажээ. Эрдэмтэд толгойгоо сэгсэрцгээн, Гулливерийн дэргэдүүр удтал эргэлдсэн боловч, Куинбус Флестрин чухам хаанаас ирсэн болохыг шийдвэрлэж чадсангүй. Дан хар морь унаж илд жад барьсан хүмүүс: -Пеплам селян! Пеплам селян! гэж хашгиралдан тэнд цуглагсдыг тарааж хөөлөө. Зургаан цагаан морь хөллөсөн алтан бүхээгтэй тэрэг ирж явахыг Гулливер харав. Түүнтэй зэрэгцэн бас цагаан морь унасан, өд хатгасан цагаан дуулга бүхий бяцхан хүн давхиж явлаа. Тэр хүн давхисаар Гулливерийн хөлийн дэргэд мориныхоо амыг татаж зогсоход морь хуухирч цамнав.  Түүний хоёр талаас хэдэн дарга гүйлдэн ирж цулбуураас хөтлөн Гулливерийн хөлөөс холдуулав. Цагаан морьтой хүн нь Одой орны эзэн хаан байж, харин алтан бүхээгтэй тэргэнд хатан нь сууж явжээ. Дөрвөн хиа зүлгэн дээр хилэн олбог дэвсэж түүн дээрээ чүдэнзний хайрцгийн чинээ түшлэгтэй алтадмал сандал тавиад, сүйх тэрэгний хаалга онгоймогц хатан гарч хувцсаа янзлаад сандал дээр суув. Тойруулан тавьсан сандалд ордны шивэгчид суулаа. Их л гоёцгоож ирсэн тул тэр орчмын зүлэг, алтан мөнгөн утсаар утсаар хээлэн оёсон даавуу дэлгэж тавьсан мэт боллоо. Хаан мориноосоо бууж Гулливерийг хэдэнтээ тойроход бараа бологсод дагалдан явав.  Гулливер ч эзэн хааныг сайтар харахаар хажуугаараа хэвтэв.  Эрхэмсэг хаан ордныхноосооо хавигүй том, бусдаасаа хумсны толион чинээ өндөр хүн байв. Түүнийг Одой орон даяар лав маш өндөр хүн гэлцдэг биз ээ. Хаан чүдэнзний модноос ялимгүй уртхан сэлэм сугалаад барьжээ. Сэлэмний нь алтан бариул, хуйнд нь алмасан шигтгээ гялалзан байна. Эрхэмсэг хаан толгойгоо гэдийсхийж зогсоод нэг юм асуулаа. Гулливер асуултыг ойлгоогүй ч юу ч гэсэн өөрөө хэн гэгч болох, хаанаас ирснээ ярьж өгвөл хаан дэмий л далаа хавчин байв. Тэгэхэд нь Гулливер Голланд, Латин, Грек, Франц, Испани, Турк аль л сайн мэддэг хэлээр ярьсан атал эдгээр улсын хэлээс нэгийг ч мэддэггүй Одой орны хаан лав ойлгосонгүй бололтой. Хаан Гулливерт хандаж толгойгоо нэг дохиод мориндоо мордож Мильдендо хот руугаа буцаад давхихад, түүний хойноос хатан нь шивэгчнүүдийн хамт бас явлаа. Ингээд Гулливер шилтгээний урд талд хонууртаа уяулсан нохой мэт хоцорлоо.

Comments